Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо.
- May 7, 2025
- 1 min read

Хуралдаанаар худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны хууль болон татварын хуульд оруулах хувийн хэвшлийн нэгдсэн саналыг сонсож, хэлэлцлээ.
Татварын хуулийн шинэчлэлийг эхлүүлэх ажил орон даяар өрнөж, намрын чуулган завсарласан өдрөөс өнөөг хүртэл бүх түвшний хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналыг нэгтгэн танилцууллаа.
Худалдан авах ажиллагааны одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Өөрөөр хэлбэл байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг тендерийн үнэлгээнд харгалздаг болох юм. Мөн 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход тендерийн баталгаа шаардахгүй болно. Ингэснээр нийт тендер шалгаруулалтын 99.6 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болж буйг хуулийн төсөл боловсруулагчид танилцууллаа. Мөн тус зөвлөлийн хурлаар Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуульд орох өөрчлөлттэй танилцлаа. Хөгжлийн банкийг экспорт, импортын баримжаатай банк болгож дүрмийн санг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ. Эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, сул талаа нөхөх экспортыг дэмжих салбаруудыг онилж, зорилтот зах зээлээ тодорхойлсон байна. Хөгжлийн банкны зорилтот зах зээл нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбаруудыг дэмжинэ.









Comments