Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
Засгийн газар Татварын багц хуулийн төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр мэдээлэв.
Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал бодлыг шийдвэр гаргахад тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгохоор тогтов.
УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслүүдийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж дахин саналыг нь сонсох, хуулийн төсөлд багтаагүй саналуудын татгалзсан шалтгаан, үндэслэл зэргийг эргэж мэдээлдэг байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь зөвлөлийн гол зорилго гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
2025.08.05
Comments