top of page
logo eng.jpg

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанаар $545 саяын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүд эхлүүлэхээр тохирлоо

8 hours ago
2 min read

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл болон Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран хийж буй энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд 120 гаруй гадна болон дотоодын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид оролцлоо. Хурлаар Монголын төдийгүй бүс нутаг олон улсын түвшинд өрнөх түншлэлүүд, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой сэдэв, саналууд хэлэлцлээ. Тодруулбал эрчим хүч, банк санхүү, үл хөдлөх, олон улсын институцын хөрөнгө оруулалт зэрэг зургаан төрлийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүд эхлүүлэхээр тохирлоо. Тухайлбал Монголын Хөрөнгийн Бирж болон Сингапурын Phillip Capital Group-ийн хооронд байгуулж буй урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, олон улсын өрсөлдөх чадвар,бүтээгдэхүүний төрөлжилт, хөрвөх чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн Ньюком Проперти ХХК, БНХАУ-ын Бээжин Чинагаз Сэнкрэат Технологи компанитай дулааны дэвшилтэт технологи, үл хөдлөх хөрөнгийн хамтарсан хөрөнгө оруулалт хийх чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж байна. Мөн Макс Групп нь Сингапур улсын WisdomWin Energy LLC компанитай дотоодын эрчим хүчний төсөлд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь төслийн хэрэгжилтийг олон улсын туршлага, дэвшилтэт технологи, хариуцлагатай бүтээн байгуулалтын зарчимд нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэх юм.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, дараагийн Оюу-толгойтой дүйх хэмжээний төслийг тодорхойлох нь, мөн үндэсний баялгийн сан, орон сууцны санхүүжилтийн банк, эдийн засгийн чөлөөт бүс, Улаанбаатар хотыг олон улсын санхүүгийн төв болох нь зэрэг чухал ач холбогдолтой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлгүүд танилцууллаа.

Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг тодорхойлох, сул талаа нөхөх экспортыг дэмжих салбаруудыг онилж дэлхий дахинд хувьсан өөрчлөгдөж буй геополитик болон геоэдийн засгийн нөхцөл байдал, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт, хиймэл оюун ухаан, дата төвүүд болон дата аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны талаар хөрөнгө оруулагч, хувийн хэвшилтэй бодит яриа хэлэлцээг амжилттай өрнүүллээ.


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page